Монгол Улсын алсын харааг зорилготой болгох нь, Б.Бат-Оргил, Чэвнэр 2022/23

2022/23 онд Чэвэнингийн тэтгэлгээр ИБУИНХУ-н Лондон Коллежийн Их Сургуульд "Олон нийтийн бодлого, үнэ цэнэ, инноваци" мэргэжлээр суралцаж төгссөн Б.Бат-Оргил "Тогтвортой хөгжлийн дуу хоолой - Подкаст №2"-т оролцсон сэдвийнхээ дагуу блогоо танилцуулж байна:


"Монгол Улсын алсын харааг зорилготой болгох нь"

Монгол Улсын Засгийн Газар Алсын Хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тус бодлогын гол зорилго нь 2050 онд Монгол Улсыг ямар хөгжил, дэвшилд хүрсэн байхыг зураглахад оршиж байгаа. Ингэхдээ 2050 онд Монгол Улсыг нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно гэж тусгажээ. Засгийн газрын зүгээс улсын хэмжээнд урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болсон нь мэдээж сайшаалтай.

Харин бодит байдал дээр 2050 оныг хүлээж суух зуур улсын хэмжээнд иргэдийн амьдралд өдөр тутамд тулгамдаж буй олон асуудлууд байна. Жишээлбэл агаар, орчны бохирдол, эрчим хүчний дэд бүтцийн дутагдал, үнийн өсөлт, ядуурал, авто замын түгжрэл гэх мэт асуудлуудыг дурдаж болно. Том зургаар нь харвал, цаашлаад манай улс дэлхийн техник, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулах амаргүй даалгаврууд ч хүлээж байгааг мартаж болохгүй Харин эдгээр бүх нийтийн эрх ашгийг хамарсан том хэмжээний асуудлуудыг шийдэхэд төр засгийн оролцоо маш өндөр ач холбогдолтой. Ингэхдээ засгийн газрын зүгээс зөв бодлого шийдвэрүүдийг санаачилж, хэрэгжүүлэх шаардлагатай. Харин манай засгийн газрын хэрэгжүүлж буй Алсын Хараа 2050 биднийг хөгжилд хөтлөж чадах сайн бодлого мөн байж чадах болов уу?

Өнгөрсөн жил надад Их Британийн Засгийн Газрын Чевенингийн тэтгэлгээр Лондон Коллеж Их Сургууль (UCL)-д нийтийн удирдлага, нийтийн бодлогын магистрын хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтнүүдтэй хамт нэг ангид суралцах сайхан боломж олдсон юм. Хөтөлбөрийнхөө хүрээнд дэлхийн тавцанд хүч төрөн гарч ирж буй шинэ үеийн эдийн засагч Мариана Мацзукато-ийн удирдлага дор “mission-oriented policy” буюу зорилготой бодлогыг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх арга барилаас суралцлаа. Суралцаж байх хугацаандаа гүнзгийрүүлэн судалж буй онолын мэдлэгээ хэрхэн Монгол Улсдаа нутагшуулж болох талаар байнга бодож байсныг дурдмаар байна. Тэгвэл одоогийн Монгол Улсын хэрэгжүүлж буй Алсын Хараа 2050 бодлогыг хэрхэн сайжруулж, цаашид илүү тодорхой зорилготой болгож болох талаар энэхүү нийтлэлээрээ дамжуулан тайлбарлая.

20-р зууны дунд үе буюу хүйтэн дайны яг ид үеэр АНУ болон ЗХУ зэр зэвсэг, техник технологийн хөгжлөөр өрсөлдсөн. Тус хүйтэн дайнд АНУ ялалт байгуулсныг илтгэх маш чухал үйл явдал бол мэдээж Аполло төслийн хүрээнд саран дээр хүн, тэр дундаа Америкийн сансрын нисгэгч анх хөл тавьсан түүхэн мөч байсан. Уг төслийг амжилттай хэрэгжүүлж, сансрын нисгэгчдийн баг хамт олныг саран дээр амжилттай газардуулж, дараа нь эх дэлхийд нь эсэн мэнд авчрахын тулд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди үндэсний хэмжээнд асар том амбицтай зорилго тавьсан байдаг. Зорилгоо биелүүлж, бодит байдал болгохын тулд хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг техник технологийн инновацд оруулах зоримог шийдвэрийг гаргасан.

Хамгийн гайхалтай нь АНУ 1969 онд АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр өөрсдийн сансрын нисгэгчдээ алхуулаад зогсохгүй, төслийн үр дүнд бидний өнөөдөр өдөр тутамдаа хэрэглэдэг олон техник технологийн инновацыг давхар бий болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан байдаг. Жишээлбэл Аполло төслийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө оруулалтын тусламжтай DARPA буюу Америкийн Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслийн агентлагийн хийж гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээ нь интернэт, хиймэл дагуул, GPS, мэдрэгчтэй дэлгэц, акселерометр зэрэг олон технологийн хөгжил, инновац эрчимжүүлж чадсан.

Өөрөөр хэлбэл хэрвээ DARPA тэргүүтэй олон байгууллагуудад тухайн үед АНУ-ын засгийн газрын зүгээс санхүүжилт, хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан бол өнөөдрийн бидний ашигладаг олон технологиудын хөгжил удаашрах байсан болов уу.

Тэгэхээр хэрвээ аливаа улсын засгийн газар ямарваа нэгэн том асуудлыг шийдвэрлэхийн тулд урдаа тодорхой зорилго тавин, тэр зорилгодоо хүрэхийн тулд нөөц бололцоогоо 100% ашиглаж, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж чадвал саран дээр хүртэл хүнийг алхуулж болдгийг энэ жишээнээс тодоос тод харж болно. Хамгийн чухал нь ийм том амжилт үзүүлэхийн тулд төр болон төрийн бодлогод маш тодорхой том зорилго хэрэгтэй.

Профессор Мариана Мацзукато-ийн танилцуулж буйгаар бодлого боловсруулагчид бидний нийгэмд тулгамдаж буй асар том асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, нийтийн эрүүл мэндийн доройтол зэргийг шийдвэрлэхэд тэдэнд маш тодорхой “mission” буюу зорилго хэрэгтэй аж. Уг зорилгууд нь маш зоримог, тодорхой, хэмжигдэхүйц байх шаардлагатай гэсэн ерөнхий шалгууртай. Түүгээр зогсохгүй тухайн тавьсан зорилгын доор олон салбаруудын оролцогч талууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаа нөөц бололцоогоо инновацад чиглүүлэх нөхцөл бүрдсэн байх ёстой аж. Өөрөөр хэлбэл төр бодлого гаргалаа гээд бүх ажлыг засгийн газар хийхээс илүү тухайн гаргасан бодлогын доор салбар бүрийн төлөөллүүд хамтран ажиллах хэрэгтэй юм.

Жишээлбэл Скандинавын Швед Улс 1997 онд Алсын хараа 0 бодлогын санаачилгыг хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлогын үндэс суурь нь нэг ч хүний амь нас авто зам дээр зорчих хөдөлгөөнд оролцож байхдаа үрэгдэх ёсгүй гэдэгт оршино. Швед Улсад уг бодлого хэрэгжиж эхлэхээс өмнө жил бүр 1,000 гаруй  хүн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ нас бардаг байсан бол 2020 онд энэ тоо 85 орчим хувиар буурчээ. Уг бодлогыг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн бэ гэвэл Шведийн засгийн газрын зүгээс хүний амийг зам тээврийн ослоос аврах үйл явцыг бүх нийтийн хариуцлага болгож, хот төлөвлөгчид, автомашин үйлдвэрлэгчид, хууль санаалагчид, мөн жолооч, явган зорчигчдыг бүгдийг нь системийн өөрчлөлтийг бүтээхэд татан оролцуулж чаджээ. Ингэснээрээ:

  • Илүү аюулгүй замын дэд бүтцийг байгуулсан
  • Суурин газрын хурдны шинэ дээд хязгаар буюу 18 км/ц-ийг тогтоосон
  • Автомашин үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж, автомашины аюулгүйн стандартыг тогтоосон
  • Хамгийн их осол гардаг цэгүүдийг олж тогтоон өгөгдөл болон мэдээлэл дээр суурилсан бодлого боловсруулсан
  • Хурд хэтрүүлэхгүй байх, суудлын бүс хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх зэрэг аюулгүй байдлыг хангах үйлдлүүдийг олон нийтэд эзэмшүүлэх нийтийн боловсрол олгох кампанит ажлуудыг цогцоор олгосон зэрэг олон ажлуудыг Швед Улс хийж чадсан аж. 

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд олон жил болж байна. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд утааны учруулж буй хор уршгийг дурдвал энэ блог өөрөө хангалтгүй учраас илүү бодлогын шийдэлд анхаарлаа хандуулъя. Манай хотод агаарын бохирдол үндсэн гурван том хүчин зүйлүүдээс болж үүсдэг. Үүнд, дулааны цахилгаан станцуудын ялгаруулдаг утаа, Улаанбаатар хотод өдөр бүр авто замын хөдөлгөөнд зорчиж буй 700 орчим мянган тээврийн хэрэгслүүдийн яндангаас гарч буй утаа, мөн гэр хорооллын дүүргүүдэд оршин суудаг айл өрхүүдийн ялгаруулдаг нүүрсний утаа. Эдгээрээс хамгийн том хүчин зүйл нь мэдээж гэр хорооллын утаа гэдгийг бид сайн мэднэ. Утааны үндсэн шалтгаан ил тод байсаар байтал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрэн шийдэх 30 гаруй жилийг бид алдсан. Шалтгаан нь төрийн бодлого тодорхой зорилгогүй байсантай шууд холбоотой тайлбарлаж болно.

Утааг бууруулах ажлын хүрээнд олон арван тэрбум төгрөгийг манай засгийн газар зарцуулсан хэдий ч үр дүн зарцуулсан төсвийн хэмжээтэй урвуу хамааралгүй байгааг Улаанбаатар хотын иргэн бүр өнөөдөр харж, үнэрлэж, амьсгалж байна. Утааг буруулах ажлын хүрээнд хийгдсэн хамгийн маргаан дагуулсан бас төсөв зарцуулсан төсөл бол “сайжруулсан нүүрс”. Мөн дээрээс нь нэмээд “утаагүй зуухыг” дурдаж болно. Яг үнэндээ нүүрс шатааж, гал түлж л байгаа бол тодорхой хэмжээнд утаа гарах нь гарцаагүй үнэн байсаар ирсэн. Тэгэхээр эдгээр утааг бууруулах төрийн бодлого шийдлүүд алсын хараатай байсан уу гэж асуувал хариулт нь үгүй. Харин ч эсрэгээрээ тус шийдвэрүүд өнөө маргаашийн асуудлыг шийдэх зорилготой богино хугацааны шийдлүүд байсан уу гэвэл тийм.

Хэрвээ 20 жилийн өмнө буюу 2005 онд Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд Улаанбаатар хотын утааг 80% бууруулна гэсэн зорилго тавин, уг зорилгодоо хүрэхийн тулд оновчтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадсан бол бид өнөөдөр утаагүй Улаанбаатар хотод амьдрах бүрэн боломжтой байсан. Харин ийм үйл явдал болоогүйгээс хойш харамсаад суулгүй ирэх олон жилүүдэд өмнө нь гаргасан алдаагаа хэрхэн давтахгүй байхад анхаарч алсын хараатай бодлого, шийдлүүдийг хэрэгжүүлж эхлэх даалгавар бидний өмнө тулгараад байна. Эс бөгөөс удахгүй зун болж иргэд утаа гэж зүйлийг ор тас мартаж дараа өвөл дахиад л утааны талаар хоосон ярьж эхлэх болов уу.

Тэгэхээр ирэх он жилүүдэд хэрхэн утааг бодитоор бууруулах бодлого боловсруулахын тулд зорилготой алсын харааны бодлогын загварчлалыг ашиглаж үзье. Доор харагдаж буй хүснэгтэд Мариана Мацзукато-ийн боловсруулсан зорилготой алсын харааны бодлогогийн загварчлалыг ашиглаж Улаанбаатар хотын утааг 2040 он гэхэд 80 хувиар бууруулах бодлогыг загварчиллаа.

Тус хүснэгтийг харвал агаарын бохирдлыг бууруулахын тулд юун түрүүнд тодорхой хугацаанд биелэх боломжтой зоримог зорилт тусгалаа. Тус зорилтыг биелүүлэхийн тулд мэдээж төр ганцаараа ажиллах ямар ч боломжгүй. Тэгэхээр бодлогын хэрэгжилтийг хангахын тулд холбогдох салбаруудын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд уялдаа холбоотой хамтрах шаардлагатайг харж болно. Харин эдгээр байгууллагууд хамгийн доор харагдаж буй төслүүдийг хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэж чадвал бидний зорилго 2040 онд биелэх боломж бүрдэх юм. Хамгийн чухал санах ёстой зүйл нь цэвэр агаартай хотыг бий болгох амаргүй даалгавар учир зөвхөн нэг төрлийн шийдлийг зүтгүүлэх бус төрөл бүрийн шийдлүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх шаардлагатайг доорх загварчлал харуулж байна.

Хүснэгт 1: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой алсын харааны бодлого


Аливаа улсын төр тодорхой биелэх боломжтой зоримог алсын хараатай бодлогуудыг урдаа тавьж чадвал ямар олон асуудлуудыг шийдэж, нийгэмд ямар эерэг өөрчлөлт авчирч болохыг бид дэлхийн олон улсын жишээн дээрээс харж болно. Харин манай Монгол Улсын хувьд шийдэх шаардлагатай олон асуудал байгаа учир сүүлийн үед дэлхий дахинд ашиглаж буй бодлогын боловсруулах шинэ загварчлалуудыг нутагшуулах хэрэгцээ шаардлага байна. Одоо хэрэгжүүлж буй Алсын Хараа 2050 урт хугацааны бодлогыг харахад тодорхой биелэгдэх боломжтой зорилгыг урдаа тавиагүй бөгөөд хэтэрхий ерөнхий байгаа нь хамгийн том дутагдал гэж дүгнэж байна. Дахин сануулахад тус бодлогод 2050 онд Монгол Улсыг нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно гэж тусгасан.

Гэвч нийгмийн хөгжлийг бид ямар хэмжүүрээр хэмжиж болох вэ? Боловсрол эсвэл эрүүл мэнд үү? 2050 он болоход бид энэ зорилгодоо хүрсэн гэж хэлж болох шалгуур нь яг юу бол? Мөн иргэдийн амьдралын чанарыг хэрхэн хэмжих нь бас л тодорхой бус. Тэгэхээр тус бодлогыг илүү зорилготой алсын хараа болгож өөрчлөхийн тулд бид маш тодорхой хэмжих боломжтой, өндөр амбицтай зорилго урдаа тавих шаардлагатай юм. Жишээлбэл, Улаанбаатар хотын утааг 2050 он гэхэд 80 хүртэлх хувиар бууруулж иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ гэж өөрчлөх. Хэрвээ ингэж чадвал бид хөгжлийн шинэ шатанд гарах боломж бидэнд бүрэн байна.

 

Эх сурвалж: 

Алсын Хараа 2050 Монгол Улсын Урт Хугацааны Хөгжлийн Бодлого. 2020.

Belin, M. A., Tilggren, P., & Vedung, E. Vision Zero- a road safety policy innovation. International journal of injury control and safety promotion. 2012.

Mazzucato, M. Mission economy: A moonshot guide to changing capitaPenguin UK. 2021.

Comments

Popular posts from this blog

Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой -Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)