Соёл урлагийн салбарыг олон улсад экспортлох нь
Монгол Хаан жүжгийг Монгол Улсаас анх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондонгийн Коллосиум театрт танилцуулсан нь Монголчуудын хувьд багагүй амжилт байлаа. Цаашлаад тус жүжгийг 2024 оны төгсгөлд Сингапур улсад тоглуулсан ба одоо Япон, АНУ зэрэг бусад улсад тоглуулахаар бэлтгэл хангаж байна.
Монгол Хаан төсөл бол театрын жүжгийн олон улсад гарч буй нэг том жишээ болж байгаа нь сайн тал. Энэ жүжиг Монгол хэл, соёл, урлагийг олон улсад таниулахаас гадна 100 гаруй монгол хүн төслийн багт ажиллаж, бүтэн бүрэлдэхүүнээрээ олон улсын театрт тоглолт хийж байгаа нь бахархам багийн ажил. Энэ явцад олон олон зүйлийг өдөр тутамдаа сурч мэдэх, шинэ орчны шаардлагад нийцэх, дасан зохицох, маркетинг сурталчилгаанаас эхлээд зах зээлд таниулах талд нилээн сорилттой, амжилттай байгаа.
Их Британид суралцаж байх хугацааныхаа дундуур Монголд ирж амрах үеэрээ би найзтайгаа Монгол Хаан жүжгийг үзэж таарсан юм. Гайхалтай жүжиг байсан. Хамт үзсэн найз маань тайзны арын уран бүтээлчидтэй уулзуулах үеэр энэ жүжгийг олон улсад гаргаж, ялангуяа Их Британид тоглуулах боломжтой талаар бид анх ярилцах завшаан олдсон. Ингэснээр одоо энэ жүжиг маань хэрэгжээд явж байна. Миний хувьд Бакалаврын мэргэжлээ Маркетингийн удирдлага, Магистрын зэргээ Их Британид Английн Эзэн Хааны Драмын Төв Сургуульд Жүжигчний мэргэжлээр хамгаалсан. Их Британид сурч байсан 1 жилийн хугацаагаа би их нандигнаж, хайрладаг. Учир нь энэ улсад Чэвнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаагүй байсан бол Монгол Хаан жүжиг ийнхүү олон улсад гараагүй байх магад, эсвэл өөр улсад тоглох байсан байх. Иймээс нэг хүний ганцхан уулзалтын үр дүнд том төсөл хэрэгжсэн учир нэг хүний сургалт хөгжил, нэг хүний амьдралын туршлага жижигхэн гэлтгүй чухал үр нөлөө авчирдагийг бид мартаж болохгүй.
Лондон хотын хувьд том мега хот. Английн соёлын өлгий болдог. Энэ утгаараа соёлт ертөнцийн оюуны болон соёлын бүтээлийн охь болсон бүтээлүүд энэ хотод тоглогдож, зохион бүтээгдэж байдаг. Магистрын хичээлийн үеэр даалгавар байдлаар орой бүр нэг арга хэмжээнд очих шаардлага тавигддаг байсан учир сурч байх үед орой бүр жүжиг үзэх, кино үзэх, арга хэмжээнд очих байдлаар маш завгүй өнгөрсөн. Нэг өдрөө өнгөрөөх хуваарийн хувьд орой 17 цагт хичээл тараад л дараагийн арга хэмжээ рүүгээ явдаг байлаа. Лондонд ер нь нэг жилийн 365 хоногт өдөр бүр өөр жүжиг үзээд ч байж болохоор өргөн сонголттой. Энэ олон сонголтууд дунд Монгол Хаан жүжиг нийт 17 удаа тоглогдоход бүх суудал бүрэн зарагдсан байдалтай, танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт дунд ажилласан нь соёлоо таниулах чухал алхам болсон.
Нийтдээ дэлхийн 45 гаруй шүүмжлэгчдээс 4-5 од авсан, дундаж үнэлгээ 4 одтой жүжиг гэж үнэлэгдсэн нь сайн үр дүн байлаа. Шүүмжлэгчдээс сонссон нийтлэг зүйл бол "Өмнө нь ийм зүйлийг Лондонд үзэж харж байсангүй" гэсэн утга байсан. Энэ нь гадны хүний нүдээр харахад "Монгол хэл соёл өвөрмөц, цоо шинэ баримтат кино үзэж байгаа юм шиг танин мэдэхүйн мэдээлэл өгсөн" байжээ. Энэ нь улс орон тогтвортой хөгжихийн хувьд эх хэлээ хайрлан хамгаалах, дэлхийн бусад улсаас ялгаатай өөрийн гэсэн өвөрмөц сэтгэлгээ, соёл, хувцаслалт, өнгө төрхөө нандигнаж хадгалах нь ямар чухал болохыг харууллаа. Даяаршиж байгаа нийгэмд бусад улстай ижилсэх зүйлс их байгаа ч ондоошлыг илэрхийлсэн бүтээл бол бидний дархлаа юм.
Гэвч соёл урлагийн салбарыг гадаад улсад таниулах ажлын ард мэдээж багийн ажил явагдаж байгаа. Иймд багаараа, 100 гаруй хүн, нэг ажлын дүрэм журам мөрдөж, ёс зүйн шаардлагуудад нийцэж сурах нь цаг их шаардаж байсныг нуух юун. Багаараа гадаадын театрын соёл, шаардлагыг ойлгож, хүмүүстэй харилцахаас эхлээд их зүйл сурч байгаа. Бид одоо ч суралцаад явж байна.
Их Британид суралцаж байх үед дэлгэцийн жүжиглэх урлаг, дуу хоолой, бүжиг, зохиолын задаргаа гэх зэрэг мэргэжлийн хичээлүүд ордог нь их сонирхолтой байсан. Өглөө 08.00 цагаас орой 17.00 цаг хүртэл хичээл ордог, орой 18.00 цагаас судалгааны даалгавар болгож театрын жүжиг, кино үзэх, чухал хүмүүсийн яриа хийх арга хэмжээнд очиж сонсох зэргээр байнга оройн цагаар даалгавар хийдэг байсан. 7-8 хичээл үзэж, диссертаци хамгаалсан. Энэ процесс миний хувь хүний хувьд маш их зүйлийг сургаж, хөгжүүлсэн.
Өмнө нь дэлгэцийн бүтээлд жүжигчин хийж практик туршлагатай байсан тул академик орчинд онолыг нь суръя гэж төлөвлөж, анх Чэвнингийн тэтгэлэгт хөтөлбөрт материал өгсөн. Намайг шалгаруулсан тул Их Британийн Засгийн Газрын 100% тэтгэлгээр 1 жилийн хугацаанд ийнхүү суралцсандаа баяртай байдаг. Анх 2019 онд Лондонд очиж байсан. Өмнөх ажлын туршлагаар олж авсан мэдлэгээ системтэйгээр онолын хувьд судалж, цэгцэлж авах боломж олдсон. Манай сургуульд Монгол хүн өмнө нь хүн сурч байгаагүй тул Монгол хүн болохын хувьд намайг сонирхдог байлаа. Монгол хүний давуу тал нь олон орны оюутнуудтай харьцуулбал ачаалал даах чадвартай, ядралт багатай байдаг нь анзаарагдсан. Би 2018 онд тэтгэлэгт анх материал өгсөн ч эссе ба анкетны хувьд тэнцээгүй. Дахин нэг жил бэлдээд, дараагийн жил нь шалгарсан.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт материал өгөхөөр бэлтгэж буй залууст хандаж хэлэхэд, ярилцлагад чин сэтгэлээсээ өөрийгөө илэрхийлэн ярьж ороорой гэмээр байна. Хүн сэтгэлээсээ ярьж байгаа үед бусад хүнд тэр мэдрэмжийг хуваалцаж чаддаг бөгөөд тэтгэлэг шалгаруулагч хүмүүс таныг ойлгож, хүсэл эрмэлзлийг чинь мэдэрч чадна. Ярилцлагыг авч байгаа хүний сэтгэл хөдөлж байж, ярилцлагад оноо өгч байгааг мартаж болохгүй. Мэдээж өөрөө өдийг хүртэл юу хийж ирсэн, цаашид юу хийх вэ, өөрөө яг хэн юм бэ гэдгээ сайтар судалж, өөрийн үнэн хүсэл мөрөөдлийг олсон байх, өөрийнхөө хувьд хийж чадах зүйлсийг хийж ирсэн байх нь чухал. Одоо сурч төгсөөд ирсэний дараа өөрийнхөө тэтгэлэгт материал өгч байсан эссе-гээ эргэж уншсан, тэр үед төлөвлөж байсан зүйлсээ дажгүй сайн хэрэгжүүлээд явж байгаа юм билээ.
Монгол Хаан жүжиг маань 2025 онд Их Британид дахин тоглох урилга авсан. Сурсан зүйл бидний мөн чанарын нэг хэсэг болж үлддэг, эх орондоо хувь нэмэр оруулдаг, нэг хүний сурч хөгжсөний үр дүн олон олон хүнд эергээр нөлөөлдөг учир залуусыг салбар бүртээ манлайлаарай, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай, зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Улсынхаа ирээдүйд санаа зовдог, өөрийнхөө салбарыг олон улсад гаргах юмсан гэж бодож байгаа залуус олон байгаа нь манай улсын ирээдүйг гэгээлэг харагдуулж байгаа. Креатив салбарын олон хүн нарийн мэргэжлээр энэ улсад суралцаж явж байна, бид бүгдээрээ 20-30 жилийн дараа хамтдаа олон улсад Монгол соёлоо таниулсаар байх болно гэж итгэж байна.
Гол нь бодлогын хувьд Монгол Улс маань соёлын экспорт хийж байгаа баг хамт олон, байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлдэг Их Британийн туршлагаас суралцаасай гэж хүсч байна.
Comments
Post a Comment