Сэтгэлзүйч А.Хонгорзул Подкаст №3-аас хийсэн нийтлэл


Та өмнө нь ахмад настнуудын тэтгэврийн зээлийг хүүхдүүд нь хуу хаман авхуулдаг тухай сонсож байсан уу?

Банканд ажилладаг нэг найз маань саяхан уулзахдаа үнэнээсээ сэтгэл нь хөндүүрлэн ийн ярьсан юм.
“Нэг эмээ хүүхэдтэйгээ тэтгэврийн зээл авахаар сууж байхдаа миний охин эгчдээ ядаж даралтын эм авах мөнгө үлдээгээд өгөөрэй ” гэж манай найз охинд шивнэх шахуу хэлжээ. Харин нөгөө талд хүүхдүүд нь тултал нь зээл гаргуулж авахаар хээв нэг сууж байсан гэж ярилаа. Бас нэг өвөө эм авах шаардлагатай болоод тэтгэврийн мөнгөө авах санаатай банкан дээр ирээд тэтгэврийн мөнгийг нь хүүхэд нь юу ч үгүй хоосолсныг олж мэдээд нулимс нь цийлгэнээд гарч байгааг харж тэсэлгүй өөрт байсан 20 мянган төгрөгөө өгөөд гаргасан даа гэж ярив.

Яг л ийм олон бодит амьдралын жишээнүүд нийгмийн сүлжээгээр ч гэсэн хөвөрдөг. Энэ тухай бидний подкаст № 3-т орсон зочин сэтгэл зүйч А. Хонгорзул “Ахмадуудын эсрэг үйлдэгдэж байгаа бие махбод болон сэтгэл зүйн хүчирхийлэл” их байдаг ч хүмүүс төдийлөн анзаардаггүй, эсвэл хөгшид ичиж санаа зовоод, эрхэмсэг оршихуй (dignity)руу нь халдаж байгаа мэт санагдаад нууж ил гаргадаггүй гэж ярилцлагадаа онцлон хэлж байсан. Жишээ нь хүүхдүүд нь түлхүүрээ өгөлгүй гадаа хүйтэнд олон цагаар хүлээлгэн суулгасан ч тохиолдлууд байдаг гэнэ. Хүчирхийлэл гэдэг малгай дор ихэнхдээ бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл яригддаг хэдий ч энэ мэт хөгшдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг ч олон нийт мэдэж байх ёстойг яриандаа онцлов.

А. Хонгорзул нь 2012 онд Хөөрхөн Зүрх ТББ-г https://www.facebook.com/btifulhearts үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, бодлогод нөлөөлөх, мэргэжилтнүүдийн чадавх нэмэгдүүлэх, олон нийтийг жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд нэгдэхийг уриалах зорилготой ажилладаг иргэний нийгмийн байгууллага ажээ. Одоо тэрээр Унгарын Өтвөш Лорандийн их сургуульд (ЭЛТЭ)-д Клиник сэтгэл судлал чиглэлээр “дотно харилцааны хүчирхийллийн сэтгэцийн гэмтэл болон сэтгэцийн гэмтлийн дараах хөгжил” сэдвийн хүрээнд Докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа юм байна. 2015-2016 оны хооронд ИБУИНВУ-ын засгийн газрын тэтгэлэг Чевенингээр University of Sussex-т нийгмийн судалгааны арга зүй сэдвээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Жендерт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэцийн гэмтэл, сэтгэцийн гэмтлийн дараах хөгжил чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа сэтгэл зүйч.

Хонгорзул сэтгэлзүйч хүчирхийллийг “Эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Өөрт байгаа эрх мэдлээ урвуулан ашиглаж өрөөлийн оршихуй руу халдаж байгаа үйлдэл” гэж тодорхойлов. Жишээ нь насанд хүрсэн хүн хүүхдээс давуу эрх мэдэлтэй гэж үзэн бие махбодын, оюун санааны хүчирхийллүүдийг үйлдэхээс гадна үл хайхрах хүчирхийлэлд хүртэл өртүүлдэг байна. Хүргэн бэрүүд, хадмууд, хосууд гэх мэт хүний харилцаа үүсэж байгаа хаана ч эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүсэж болох бөгөөд хүчирхийлэл үүсэх нөхцөл бүрддэг. Нөгөө талаас хүчирхийлэлд өртөж байгаагаа ч мэдэхгүй байх тохиолдол их байсаар байгаа тухай онцолж байлаа. Харин өөрийгөө ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаа хэрхэн мэдэх вэ гэвэл та айх аюулгүйгээр хамтрагчдаа, эсвэл хайртай дотнын хүндээ өөрийн байр суурь, үзэл бодлоо эрх тэгшээр илэрхийлэх боломж байгаа эсэхээр хэмжигдэж болох юм.

Статистикийн хороо, НҮБ-ын Хүн Амын Нэгдсэн Сангийн 2018 онд хийсэн судалгаагаар МУ-д амьдралынхаа аль нэг үед 3 эмэгтэй тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоо гарчээ. Гэтэл нөгөө талд олон хүмүүс эрэгтэй хүний эрхийг бас ярих хэрэгтэй байгааг сануулдаг болсон. Харин Хонгорзул сэтгэл зүйч энэ тухай тайлбарлахдаа “Дэлхийн улс орнуудын дийлэнх нь эцгийн эрхт ёс давамгайлсан нийгмийн тогтолцоотой байна. Өөрөөр хэлбэл эрчүүдэд илүү ээлтэй тогтолцоотой байна гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас нь харвал эрчүүдэд ч хор нөлөө үзүүлж байгаа. “Бидний өв, соёл” нэрийн дор бий болсон дүрмүүд нь тэдний эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Нийгмийн хүлээлтүүд буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх, хүчтэй, шийдэмгий, өрхийн тэргүүн байх шаардлага нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Үүний үр дүнд сэтгэл гутрал, амиа хорлолт, донтолт зэрэг асуудлуудад хүргэж байна гэдгийн онцлов. Эрчүүд өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байх орон зай байхгүй, суралцах боломж олгоогүйгээс өнөөдөр жендерийн тэгш бус байдалд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм байна.

Судалгаагаар эмэгтэйчүүд илүү жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байгаа нь харагддаг. Хохирогч, даван туулагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, ердөө 2 хувь нь эрчүүд байдаг . Иймд бид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай түлхүү ярихаас ч өөр аргагүй ажээ.
Тэгвэл аль ч хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох, бууруулахад төрийн оновчтой бодлого шийдвэр чухлыг бид бүгдээрээ мэддэг болсон.

Манай подкаст ч мөн хэрхэн яаж гэдгийг зочдоороо яриулахыг зорьдог. Хонгорзулын байр суурь энэ тал дээр салбар хоорондын уялдааг сайжруулах, хаана ямар үйлчилгээ, тусламж үзүүлдэг вэ гэдэг дээр мэдээлэлтэй байж хохирогч даван туулагчдад өгч болох тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг болох нь чухал байгааг ярив. Мэргэжлийн боловсон хүчин ч мөн энэ салбарт дутагдаж байгаа аж. Гол нь хохирогчийг буруутгахгүй хандлагаар ажиллах ёс зүйтэй байх нь чухал гэв. Гэтэл чи өөрийнхөө буруугаас болж ийм байдалд орлоо гэсэн хандлагаар хандаж болохгүйг хохирогч, даван туулагчтай ажиллаж байгаа мэргэжилтнүүд үргэлж санах ёстой байгааг сануулав.

Илүү том зургаар нь харвал Сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгмийн тогтолцоог (Trauma informed systems) бий болгохыг зорих юм. Энэ нь угтаа бол тухайн нийгмийн бүхий л бүрэлдэхүүн тогтолцоонууд биет болон биет бусаар аюулгүй байх орчныг бүрдүүлэх, нээлттэй ил тод хариуцлагатай байх, хамтын ажиллагаатай байх, хүмүүсийн дуу хоолойг хүндэтгэн оролцуулдаг, сонголт өгдөг байх; соёл, түүх болон жендерээс улбаатай үр дагаврыг ойлгодог хүлээн зөвшөөрдөг байхыг хэлдэг гэнэ. Тухайлбал, салбар/тогтолцоо бүр өөр хоорондоо уялдаа холбоотой ажилладаг байх хэрэгтэй. Жишээлбэл, боловсрол ба эрүүл мэндийн салбар хамтран ажиллахдаа аливаа хямралыг даван туулах аргад боловсролын салбарыг бэлдэх, сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл хийдэг байх, үйлчилгээ үзүүлдэг байх, буруутган шүүмжилдэггүй байх, бусад үйлчилгээ рүү холбон зуучилдаг байх гэх мэт.

Эрүүл мэндийн байгууллагын өвчтөнийг бусад салбар руу холбон зуучлах – орон байр, хоол хүнс, хууль эрх зүйн үйлчилгээ гэх мэт. Нийгмийн салбарынхан эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахдаа сэтгэцийн гэмтэлд суурилсан кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих бүлгүүд ажиллуулах, нөлөөллийн ажил хийх гэх мэт. Хууль эрх зүйн салбар нь хамт олонд суурилсан байгууллагатай хамтарснаар шударга ёсны төлөөх үйл ажиллагааг санаачлах, ингэснээр өөрийгөө болон бусдыг хохироох үйл ажиллагаанаас сэргийлж харин ч илаарших үйл ажиллагааг ихэсгэх сайн талтай байдаг байна. Жишээ нь Хонгорзулын Докторын судалгаанд оролцсон Унгар ба Монгол мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хууль эрх зүйн орчин нь сэтгэцийн гэмтэлд суурилсан биш учраас хохирогчийг гутаах, буруутгах, мөн илаарших процессыг удаашруулах, дахин сэдрээх магадлал өндөр байгааг ихэнх нь дурдаж байсан.

Тиймээс хууль эрх зүйн орчин сэтгэцийн гэмтэлд суурилсан байж, үйлчлүүлэгч төвтэй байхыг тодотгож байсан юм. Ингэснээр тухайн үйлчлүүлэгч цогц үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбар үйлчлүүлэгчдээ аюулгүй орчныг бий болгох, сэтгэцийн гэмтэлд өртсөн эсэхийг шалгадаг, нотолгоонд суурилсан үйлчилгээ үзүүлдэг байх, боловсролын салбар гэхэд багш ажилтнуудыг ямагт хөгжүүлж байх, сургалтын хөтөлбөр хүндээ ээлтэй, хүний ялгаатай байдлыг хүндэтгэдэг, нийгэм-сэтгэл зүйн чадамжийг бэхжүүлэх, сайжруулах, сэтгэлийн хатыг бий болгох гэх мэт. Нийгмийн салбар гэхэд бүх ажилтнуудаа чадавх бэхжүүлэх сургалтад хамруулдаг, сэтгэцийн гэмтлийн талаар ойлголт мэдлэгтэй байх, сэтгэцийн гэмтэлд суурилсан бодлого процедуртай байх. Хууль эрхзүйн салбарт мөн адил бүх ажилтан албан хаагчид сэтгэцийн гэмтлийн талаар ойлголт мэдлэгтэй байх, тэдэнд зориулсан үйлчилгээг үзүүлж чаддаг байх. Орон нутгйн байгууллагууд нь хохирогч даван туулагчдад зориулсан үйлчилгээтэй байх үүнд үе тэнгийнхийг дэмждэг үйлчилгээтэй байх, аюулгүй орчинг бий болгох гэх мэт цогц ойлголтыг хэлж байгаа юм байна.

Хүн болгоны өссөн орчин, туулсан амьдрал өөр байдаг тул яг хоёр адилхан хүн байлаа гээд хүчирхийллийг даван туулах арга замууд өөр байдаг тул аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа олон янзат байдлыг харгалзан үзэж, нэг өнцгөөр харсан шийдлүүдийг санал болгохгүй байх нь чухал.

Монголд сэтгэл зүйчид ёс зүйн кодтой болсон ахиц байгаа ч кодыг сайжруулах шаардлага байгаа аж. Сэтгэл зүйн салбар аль яаманд хамаарагдах нь тодорхойгүй байдаг. Нэг бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, эсвэл Эрүүл мэндийн яам байх уу гэдэг тодорхойгүй байдаг нь эргээд мэргэжилтнүүдэд ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа нь салбарын асуудал шийдэгдэхгүй үлдэх эрсдэлд хүргэж байна. Мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд ёс зүйтэй байж үйлчлүүлэгчдийг буруутгадаггүй, хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байх нь чухал гэдгийг онцлов.

Чевенингийн тэтгэлгээр суралцсан туршилгын тухайд:

Англи өөрөө оюутан төвтэй сургалтын тогтолцоотой тул бие даан суралцаж, цагаа зөв зохицуулах шаардлагатай байдаг. Хонгорзулын тухайд бага насны хүүхэдтэйгээ хамт явсан тул цагаа зөв зохицуулах шаардлагатай болсон. Жишээ нь ажлын өдрүүдэд яг 16 цаг хүртэл номын санд суугаад гэртээ харьсан үедээ хичээлээ огт бодохгүй гэр бүлдээ чанартай цаг зарцуулах, амралтын өдрүүдэд тархиа амрааж байх гэх мэт аргуудыг ашигласан. Жишээ нь амралтын өдрүүдэд гэрийнхэнтэйгээ музей, урлагийн галлейрэйгаар явж амардаг байсан байна. Зарим хүмүүс спортоор хичээллэх, алхах гэх мэт өөрт тохирсон аргаар өөрийгөө амрааж, хичээл хийх эрч хүчээ авах нь чухал байдаг. Англид номын сангаас ном авч унших соёл түгээмэл байдаг. Хонгорзул ч мөн хүүтэйгээ хүүхдийн номын сангаар явж хүүхдийн ном тогтмол авч уншин , буцааж өгч хотынхоо номын санг хэд тойрсон туршилгатай ажээ. Үүнээс улбаатай хүүхдийн номын хорхойтой болж. Монголд хүүхдийн номын агуулга их сайжирсан гэхдээ хүүхдүүддээ номыг унших дадал суулгах нь бас нэгэн чухал асуудал гэдгийг хэлэв. Хүүтэйгээ чанартай цагийг өнгөрөөж Brighton хотын номын сангуудыг хэд тойрсны үр дүнд хүү нь номын хорхойтон болж өөрийн bilguunbooks сувгийг бий болгосон. Дараах холбоосоор нэвтрэх боломжтой. Instagram.com/bilguunbooks

Mindfulness- Санамсар

Brighton өөрөө далайн эргийн хот тул хүйтэн, салхитай, бороотой шороотой байсан ч далайн эрэгт очиж тэр хүйтэн салхи нь арьсан дээр нь хэрхэн мэдрэгдэж байгааг анзаарах гэх мэт mindfulness -ийн дасгалаа хийдэг байж. Энэ нь эргээд байгальтайгаа ойр байх , одоодоо төвлөрөхөд тусалдаг байжээ.

Хотдоо жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг ажилладаг томоохон ТББ-д сайн дураар ажиллаж, бодит туршлагатай болсон. Англид хууль эрх зүйн асуудал ямар байдаг юм. Шүүх хурлын өмнө хохирогчтой сэтгэл зүйч уулзах шаардлагатай байдаг уу, ямар хандлагатайгаар ярих ёстой вэ гэх мэт илүү амьдралд ойр ажлын туршлагыг бий болгосон байна. Эргээд энэ байгууллагынхаа сайн дурын ажилтанг Монголд байгууллагадаа авчрах боломжийг бий болгожээ. Энэ мэт нэтворкинг хийх боломжууд Чевенингийн тэтгэлэгт байдаг.
Бид сэтгэцийн гэмтэлд суурилсан нийгмийн тогтолцоог бий болгох нь чухал гэдэг Хонгорзулын саналаар нийтлэлээ өндөрлөе.


Comments

Popular posts from this blog

Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

2022/23 Чэвнэр Б.Бат-Оргил, Подкаст №2-н блог: Төрийн бодлого, үнэ цэнэ, инноваци

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)