Хөгжлийн бодлого судлаач О.Гэрэл: Подкаст №6-н блог



Англи Улсын Сассексийн Их Сургуульд 2022-2023 онд Хөгжлийн бодлого судлалын мэргэжлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн О.Гэрэлээтэй хийсэн ярилцлагын блогийг хүргэж байна:

Тэрээр "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-д зөвлөхөөр ажилладаг бөгөөд МУИС-д хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байхдаа хүний эрхийн талаар мэдлэг олж авч байсан ба түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж ирсэн. Англид хөгжлийн бодлогын чиглэлээр суралцаж байх явцад дэлхий дахин шинээр хөгжиж буй салбар шинжлэх ухаан болох "Улс үндэстний хувь даван туулсан траума өгсөн үйл явдлууд хэрхэн үе үеийн иргэдийн эрхээ хамгаалах чадавхид нөлөөлдөг тухай" судалж эхэлсэн байна. "Нийгмийн эдгэрлийн онол"-г онцлон танилцуулав.

Хууль эрх зүйн чиглэлээрээ сурч байхад 'Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе' нэртэй оюутны клубт хамрагдаж байсан нь иргэний боловсролын ач холбогдол, ардчилал ба түүнд оролцоотой байхын ач холбогдол зэргийг ойлгож авсан. Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай холбогдож үзсэний дараа их сургуулиа төгсөөд МонФемНет Үндэсний Сүлжээнд орж ажилласан. Түүний дараа Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-д орж, хүний эрхийн чиглэлээр ажилласан ба тэр дагуу 2 дахь мэргэжлээ сонгосон нь "Хөгжлийн бодлого судлал" байсан. Ингэхдээ өөрийн ажиллаж ирсэн чиглэлээр судалгаа хийхийг зорьсон ба Сассексийн их сургуульд ардчилал, иргэний оролцоо, жендэрийн холбогдолтой хичээлүүдийг түлхүү сонгон судалсан.

Жендэр гэхээр зөвхөн эмэгтэй хүний эрх гэж төсөөлөгддөг. Угтаа бол эрэгтэй хүнд хортой байдлаар нийгмийн дүр оноох, үүрэг нэхэх асуудал ч гэсэн энэ ойлголтод багтдаг. Ер нь жендэр гэдэг нь "Нийгмээс хүний хүйсэнд тохируулан хиймэл дүр оноох, тэр дүрд тоглохыг шаардах" гэсэн утгатай бөгөөд хүн бүр төрөхөөс заяасан өөрийн онцлогтой, сонирхолтой, хувь хүний хэв шинжтэй байхад бөөнөөр нь дүр оноон хайрцаглах нь буруу гэсэн үзэл баримтлалыг дэлгэрүүлэн судалдаг. Мөн Жендэр гэх ойлголт дотор эр хүнд ч гэсэн эрх чөлөөг нь эрүүлээр өгөх, хүний хөгжлийн бэрхшээлийн олон янзыг ойлгон хүлээн зөвшөөрөх, хүний олон янз байдлыг ойлгох зэрэг сэдвүүд бүгд багтана.

Unruling politics буюу Дүрэмд захирагдахгүй улс төр гэсэн нэртэй нэгэн сонирхолтой хичээл зааж байсныг тайлбарлах боломжтой. Энэ нь хэн нэгний зохион бүрдүүлсэн дүрэм журамд захирагдаж үгээ залгихгүйгээр хэрхэн хүн өөрт төрж буй шударга ёсны мэдрэмжээ илэрхийлэх боломж, дэлхийн хүний эрхийн хөдөлгөөнүүд нь хэрхэн аливаа хууль журмаар хязгаарласан буруу нөхцөлөөс үүдэж, хүний эрхийг хаан боогдуулж байж болзошгүй вэ, тэгвэл тэдгээр дүрмийг өөрчлөхийн тулд эргээд хүний суурь эрх, шударга ёс, сайн сайхан байдлын шаардлагуудыг хэрхэн "Дүрэм" гэдэг линз зүүхгүйгээр бүрэн дүр зургаар нь харах, шүүлтгүйгээр үнэн байгаагаар нь ил дуугарч хэлэх боломж олгох вэ гэдгийг судалдаг шинжлэх ухаан хөгжиж байна.

Манай Монгол Улсад алдартай нэгэн дуунд:

"Хууль цаазгүй ч болоосой доо, хүү минь
Хуучин нутаг Яруудаа буцах юмсан даа, яая даа байз,
Яргай ташуур нь байгаасай
Янзыг нь олоод барих юмсан"

гэж гардаг шүү дээ.

Үүний адилаар, заримдаа хүний нийгэм хөгжиж ирэх явцдаа хууль дүрэм журам гэх нэрийдлээр тодорхой нэгэн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан боловч бусад хүний эрхийг хязгаарласан "ташуу, гажууд" тогтолцоо бүрдүүлсэн байх нөхцөл үргэлж үүсдэг. Тиймээс "Хууль журамтай байна, тэр дагуу байна, гэдэг нь хүн шударга ёсыг шаардах, эрхээ хамгаалуулах үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болж болохгүй" билээ. Энэ бол хүний эрхийн нэгэн чухал сэдэв.

2023 онд шинээр танилцуулагдаж эхэлсэн дэлхийд шинэ тутам судлагдахуун болох "Healing justice" буюу "Нийгмийн эдгэрлийн онол" гэх ойлголт бас байна. О.Гэрэлээ нь энэ сэдвээр Мастерын судалгааны ажлаа хийж, диплом хамгаалсан юм. Африк гаралтай хүний эрхийн идэвхитнүүд энэ онолыг гарган ирж байгаа нь "Америкт африк гаралтай хүний баривчилж буй цагдаа амьсгалын замыг нь боож, хүзүүн дээр нь өвдгөлж суусаар байгаад нас барахад хүргэсэн" харамсалтай тохиолдлоос үүдэн идэвхижсэн хүний эрхийн хөдөлгөөний үргэлжлэл юм. Хувь хүний болон нийгмийн хувьд зовлон амсуулж байдаг шударга бус байдлуудыг хүн төрөлхтөн бурханд итгэж, ид шидэнд даатгаж, эсвэл хэн нэг аврагчийг хүсэмжилж "сэтгэл зүйн" аргаар даван туулж ирсэн байдаг. Гэвч тэр нь үнэндээ "Нийгэмд буй шударга бус байдал бөгөөд тэр нь ёс заншил, уламжлал болж тогтсон байдаг зүй тогтлыг халах хэрэгцээ юм" гэсэн онолыг дэвшүүлж байгаа ажээ.

Шударга байдал гэдэг нь аль ч нийгмийн үед бүх хүний эрх хангагдах нөхцөлийг бүрдүүлэх ёстой боловч заримдаа эцгийн эрхт ёс давамгайлж, аливаа ёс заншил нэрээр эмэгтэй хүнийг сургуульд сургах эрхгүй гэж итгүүлж, хар арьст хүний дэлгүүр ресторанд оруулдаггүй, эмэгтэй хүн мэргэжилтэй байх буюу уншиж чаддаг байхыг хориглодог байсан нийгэм хүн төрөлхтөний хувьд 100-хан жилийн өмнө бодит байсан. Африк гаралтай хар арьстай хүмүүсийг Америкт боолчилж байсан учраас эрхийг нь зөрчиж, одоо ч гэсэн ялгаварлан гадуурхах хандлага байдаг гэдэг шиг Азийн орны иргэдийг ч цагаан арьст хүмүүс ад үзэх, ялгаварлан харьцах асуудал их бий. Арьс өнгөний үзэлгүй байх тухай дэлхий даяар ярьдаг ч манай Монголчууд ч өөрсдөө маш их арьс өнгөний үзэлтэй, хүмүүсийг шашин шүтлэгээр болон арьс өнгө, угсаа гарвалаар нь ялган харьцдаг соёлтой.

Цаашлаад эмэгтэй хүнд оноосон гэр доторх асрахуйн үүрэг нь эмэгтэй хүн цалин хөлс авч, санхүүгийн эрх мэдэлтэй нийгмийн гишүүн байхаас сэргийлж, маш их ажлыг үнэ цэнэгүй байдлаар хийлгэдэг байдал бол өөрөө жендэрийн асуудал юм. Тиймээс энэ мэтээр хүнийг өдөр тутам стресст өртүүлж, хэн нэгний зохиосон дүрмийн дагуу дүр оноож, түүнийг биелүүлдэг байхыг шаардах, биелүүлсэн нь алдарт эх, уран бэр, дархан бэр гэх зэрэг цол хүртэж сайшаагддаг, ажилтай анхиатай эхнэр гэгдэх бол биелүүлэхгүй байхаар шийдсэн хүнийг муугаар хэлэх зэргээр бусдад үзэл суртлаа хүчээр тулгаж буй байдал юм.

Эдгээр "шударга бус" боловч, үндэстнээрээ "үнэн зөв" гэж итгэж ирсэн үзэл бодол нь улс орноороо туулсан түүхэн үйл явдал, нийгмийн тогтолцооноос бүрдсэн байдаг. Цаашлаад түүхэндээ баримталж ирсэн улс төрийн тогтолцоо, баримталж буй төрийн бодлогоос мөн шалтгаалж, өрх гэрийн болон хувь хүний соёл хандлагын түвшинд хадгалагдан үлдсэн энэ мэт дүрэм журмууд нь олон үе дамжин бие, сэтгэл зүйн хүчирхийлэл, айдас түгшүүр болон сэтгэлийн гэмтлийн мэдээллийг хадгалан дамжуулж иржээ.

Энэ мэт өмнөх үеэс дамжин ирсэн, хэвийн сэтгэл ханамжтай, өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдрах боломжгүй болгоод буй бичигдээгүй дүрмүүдийг нийгмээрээ халж, шинэ хэв маяг тогтоох, амьдралын аз жаргалын индексийг нэмэгдүүлэхийн тулд нийгмээрээ "сэтгэл зүйн эдгэрэл"-д хүрэх хэрэгтэй гэжээ. Энэ эдгэрэл гэдэг зүйл нь нийгмийн олон давхаргад системтэйгээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээний мөрөөр бий болох юм байна. Тухайлбал, бодлогод дуу хоолойгоо хүргэх нь аюулгүй гэсэн мэдрэмж өгч байвал хүмүүс үзэл бодлоо айдасгүйгээр илэрхийлж сурна. Нэг зүйлд дуу хоолой илэрхийлсэнээр цагдаад шалгуулсан гэнэ, хэрэгт шийтгүүлсэн гэнэ, гэх мэт мэдээ мэдээлэл авч байхуйц дүрэм журамтай байгаа нь нийгмийн эдгэрлийн эсрэг арга хэмжээ аж. Харин хориглолтгүй, ил тод үзэл бодлоо илэрхийлэхийг дэмждэг системтэй байвал эрхийнхээ төлөө тэмцдэг сэтгэл зүй нийгэмд тогтож, үр хүүхдүүдэд уламжлагдана. Харин Монголчууд бид хэлмэгдүүлэлт, манжийн дарлал, социалист нийгмийн үзэл суртал зэрэг сүүлийн хэдэн зуун жилийн аюумшигтай, айдастай нөхцөл байдал, үндэсний дурсамжийн мэдээллээс үүдэн нийгмээрээ айдастай, дуугарвал алуулдаг гэсэн сэтгэлийн шархтай үлдсэн нь өнөөгийн бидний үед агаарын бохирдол, түгжрэл, авилгал зэрэг асуудлыг шийдэж чадахгүй, нийгмээрээ нэгдэж тэмцэж өөрчилж чаддаггүй сэтгэл зүйтэй болгосон байна.

БНСУ-д энэ мэт нөхцөлд "Хэлмэгдэгсдийн музей" гаргах, "Гашуудах байршил гаргаж өгөх" зэргээр иргэдэд сэтгэлийн шархыг эдгээх, гашуудлын мэдрэмжийг мэдэрч дуусгаад тавьж явуулах, өмнөх бодол харамслаас өөрийгөө чөлөөлөх боломжуудыг гаргаж өгдөг. Энэ нь дотроо хадгалсан нууц, сөрөг мэдрэмж, айдас түгшүүр, харамсал гуниг, гашуудлыг өөрөөсөө гаргахад нэмэртэй бөгөөд үр хүүхдүүддээ ч мөн ярьж өгөх, таниулах, гавъяаг сайшаах ба гашуудлыг үнэн мөнөөр нь дурсан тайлах, ирээдүйгээ ижил мэдрэмжээс хамгаалах боломж өгдөг юм байна. Манай улс "Тогтвортой хөгжихийн тулд иргэдийнхээ сэтгэл зүйг ийнхүү эдгээх" үйл ажиллагаа хийгээсэй гэсэн уриалгаар энэхүү блогийг өндөрлөе.

Түүний подкастыг дараах линкээс үзээрэй:


Comments

Popular posts from this blog

Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

2022/23 Чэвнэр Б.Бат-Оргил, Подкаст №2-н блог: Төрийн бодлого, үнэ цэнэ, инноваци

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)