Чэвнэр Г.Эрдэнэбилгүүн, Подкаст №8: Сэргээгдэх эрчим хүч
Монгол Улсын эрчим хүчний салбар эх үүсвэрийн дутагдал, салбарын алдагдал, хойд хөршийн хамаарал зэрэг олон жил үргэлжилсэн асуудлуудаас шалтгаалан хүндхэн нөхцөл байдалд ороод багагүй хугацааг үджээ. Зарим сэргээгдэх эх үүсвэрүүд болон станцуудын чадлыг нэмэгдүүлснийг эс тооцвол Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн турш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр бариагүй. Гэтэл хэрэглээ жил бүр тогтмол 6 – 8% өссөөр ирсэн байна. Хэдийгээр 2024 оны 12-р сард Бөөрөлжүүтийн цахилгаан станц шинээр ашиглалтад орж удаан хугацаанд үргэлжилж мэдэх байсан хязгаарлалтыг энэ жил зохицуулж чадсан ч цаашид дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал дээрдэхгүй гэдгийг Эрдэнэбилгүүн яриандаа онцлов.
Гэтэл дэлхийн улс орнууд аль хэдийн малтмал түлшний уламжлалт эх үүсвэрээс илүүтэйгээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах хандлагатай болсныг бид өдөр тутамдаа сонсож, уншдаг болсон. Энэ тал дээр Эрдэнбилгүүн дурдахдаа “Бид дэлхийг жишгийг дагах нь зөв боловч бодит амьдрал дээр 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн улс орон дэлхийн хаана ч байхгүй. Учир нь нар, салхи байхгүй үед эрчим хүч гарах боломжгүй болдог. Нөгөө талд бидний хэрэглээ нар, салхинаас үл хамааран тогтмол байдаг. Иймд дэлхийн олон орнууд тэр дундаа сэргээгдэх эх үүсвэрийг их хэмжээгээр хэрэглэж буй улсууд ч системийн суурь хүчин чадал нь уламжлалт эх үүсвэр болох нүүрс, газ гэх мэтийг ашигласан хэвээрээ байгаа. Тиймээс аливаа сэргээгдэх эх үүсвэр нь суурь хүчин чадалтайгаа хорших байдлаар нийт системийнхээ тодорхой хувийг л эзэлдэг гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй болов уу.”
Үүнээс дүгнэн үзэхэд Монгол Улсын хувьд уламжлалт эх үүсвэрүүдэд тулгуурлан суурь чадлын бэхжүүлэхтэй зэрэгцүүлэн сэргээгдэх эрчим хүчний салбараа орхигдуулалгүй тэнцвэрийг зөв олох үүгээрээ дамжуулан дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулж, хөгжлийн чиг хандлагуудтай мөр зэрэгцэн алхах хэрэгтэй.
Эрдэнэбилгүүн ярихдаа “Сүүлийн 20 - 30 жилийн хугацаанд нар салхины технологи эрчимтэй хөгжиж байна. Нарны хавтан, салхин сэнсний өртөг эрчимтэй буурсан. Гэхдээ анхны хөрөнгө оруулалтын өртөг уламжлалт эрчим хүч гаргах аргуудтай харьцуулахад өндөр хэвээрээ байгаа.”
Сэргээдэх эх үүсвэр тэр дундаа нар, салхины эх үүсвэр ихээр баригдах нь эргээд эрчим хүчний системд байгалийн хүчийн зүйлсээс хамаарсан тогтворгүй байдлыг нэмэгдүүлдэг. Үүнийг шийдэх аргууд нь тохируулгын буюу чадлыг богино хугацаад өөрчлөх боломжтой зай хураагуур (баттерeй), усан эсвэл байгалийн хийн цахилгаан станцууд. Эдгээрээс зай хураагуурын системийг сүүлийн үед Монгол Улс барьж эхэлсэн нь сэргээгдлэх эрчим хүчээр цэнэглээд, өндөр ачааллын үед буцаан системд эрчим хүч нийлүүлэх боломжыг бүрдүүлдэн. Гэвч батарей технологи нь өртөг өндөртэй хэвээр байгааг Эрдэнэбилгүүн сануулав. Зай хураагуур өөрөө бас насжилттай байдаг. Утасны баттерэй нурдаг шиг тодорхой хугацааны дараа солих шаардлагатай болдог гэх мэт асуудлууд байдаг ажээ. Иймд техникийн талаасаа эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эх үүсвэрийг бодолцож үзэхэд юу боломжтой, боломжгүйг мөн тухайн улс орны онцлогт тохируулан сайтар ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг тэрээр онцлов. Тэр тусмаа манайх шиг бага чадлын системтэй улсад сэргээгдэх эрчим хүчийг ярихдаа техникийн сайн тооцоололтой, давхар хөрөнгө оруулалт, хууль эрх зүй талаасаа сайтар судалж цогцоор нь хандах хэрэгтэй гэнэ. Шууд сэтгэл хөөрлөөр авчраад барчихъя гэж хандаж болохгүй салбар гэдгийг мөн сануулав.
Тэгвэл Монголд ямар нөөц бололцоо байна вэ?
Монголын говийн бүс дэлхий дээр хамгийн өндөр салхины нөөцтэйд тооцогддог. Урагшаа хил даваад онгоцноос хархад маш олон салхин сэнснүүд , нарны хавтангууд харагдаж байдаг. Буцаад Монгол руу ороод ирэхэд юу ч үгүй хоосон байдаг тухай дурдав. Манай урд хөршид маш хурдацтай хөгжиж байгаа нар,салхины эрчим хүч Монголд эсрэгээрээ хөгжлийнхөө эхэн шатанд явж байгаа нь харамсалтай. Эрдэнэбилгүүн ярихдаа “Сүүлийн үед Хятад улсад сэргээгдэх эрчим хүч маш сайн хөгжиж байгаа. Манайхны цахилгаанаа худалдаж авдаг Өвөр Монголын баруун бүсийн ханган нийлүүлэх сүлжээний нийт суурилагдсан хүчин чадлын 40 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.” Гэтэл энэ ханган нийлүүлэх сүлжээ нь манай МУ-ын нийт сүлжээг бараг 50,60 нийлүүлсэн мэт том сүлжээ байдаг байна. Хятадаас хямд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж чаддаг улс дэлхийн хаана ч байхгүй болсон. Хятад улсын бодлогыг хөндлөнгөөс харж дүгнэхэд хэзээ нэгэн цагт шавхагдах нүүрс гэх мэт нөөц дуусахад 100 хувь бие даасан, өндөр хөгжилтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байх бодлого баримтлаад байх шиг гэж Эрдэнэбилгүүн онцлов.
Ер нь дэлхийн хэмжээнд decarbonization буюу малтмал түлшнээс эрчим хүч гаргах технологиос татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэх energy transition эрчимтэй явагдаж байгаа бөгөөд улмаар хүлэмжийн хийг тэг ялгаралттай (net-zero) болох зорилтыг дэвшүүлэн дэлхийн олон орнууд хамтран ажиллаж байна. Малтмал шавхагдах эх үүсвэрээс сэргээгдэх эх үүсвэрт шилжих үйл явц гэсэн үг. Энэ шилжилттэй холбоотой үйлдвэрлэлийг өөр дээрээ барих боломжийг Хятад бүрдүүлээд эхэлжээ. Сэргээгдэх эрчим хүч гаргахад шаардлагатай нарны хавтан, салхин сэнснүүдийг ханган нийлүүлэгч байх нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг. Хятад улс хамгийн бага өртгөөр зай хураагуур, хавтан, сэнсний хоолой зэргийг үйлдвэрлэдэг болсон. Хятадад бүх дэд бүтэц, нөү хау, инженерүүд нь бэлтгэгдэж байгаа тухай яриаг дэлгэв. Тэгвэл бидний яг дэргэд байгаа энэ том нөөц боломжоос манай улс суралцах, хүртэх боломжоо хэрхэн ашиглаж чадаж байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Харин дэлхийн хөгжил, эдийн засгийн нөгөө том тоглогч болох АНУ шинэ Ерөнхийлөгч Трампыг сонгосноор сэргээгдэх эрчим хүчний хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж зарим судлаачид харж байгаа юм байна. Учир нь Трамп дэлхийн дулаарлын эсрэг “Парисын гэрээ хэлэлцээр”-ээс АНУ гарах талаар мэдэгдсэн. Энэ хэлэлцээрт байснаараа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой тодорхой үүрэг амлалтуудыг өгдөг. Одоо бол Трамп эрчим хүчний хямралаас АНУ-ыг гаргахын тулд уламжлалт буюу газрын тос, хийгээ үйлдвэрлэ, илүү өрөмд гэдэг бодлого баримтлах нь тодорхой болчихлоо. Энэ нь судлаачдын үзэж байгаагаар Nationalist буюу илүү дотооддоо чиглэсэн, өөрийгөө бодсон бодлого гэж тайлбарлаад байгаа аж. Ийм үзэл баримтлал өөр улсуудад ч давамгайлах хандлагатай болжээ. Канад, Аргентин улсуудад ч гэсэн ийм дотоодод чиглэсэн үзэл баримтлалтай удирдагчид гарч магадгүй болсон гэдгийг ярилцлагадаа дурдав. Эрдэнэбилгүүний үзэж байгаагаар эдгээр уламжлалт эх үүсвэрийг дэмжсэн бодлого нь сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тодорхой нөлөө үзүүлэх боломжтой гэжээ.
Эрдэнэбилгүүний ахлах менежерээр ажилладаг Рио Тинто Групп нь 2050 он гэхэд Net Zero буюу Тэг ялгаралтай болно гэдэг амлалтыг өөртөө хүлээсэн. Энэ хүрээнд Монголд байгаа хамгийн том төсөл болох Оюу толгойн ашиглаж байгаа эрчим хүчний тодорхой хувийг дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг болох зорилтыг тавин судалгааны ажлаа эхлүүлсэн гэнэ. Оюу толгойн хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том хувь нь эрчим хүчнээс гардаг. Эрчим хүчээ Хятад улсаас импортоор авдаг. Иймд сэргээгдэх эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх томоохон төслийн ажлыг Монгол Улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа тухай Эрдэнэбилгүүний дуулгасан сайхан мэдээгээр нийтлэлээ төгсгөе.
Түүний оролцсон подкастыг дараах линкээс үзэх боломжтой:
Comments
Post a Comment