Чэвнэр Б.Сэлэнгэ: Бизнесийн байгууллагуудад “Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)”-уудыг хэрэгжүүлэх зөвлөгөө өгнө

Подкаст №11-ийн зочин Сэлэнгийн ярилцлагаас хийсэн нийтлэл.

“МУ-д тогтвортой бизнесийг хөгжүүлэхэд мэдлэг олгох, тухайн байгууллагын ойлголт, стратеги төлөвлөгөөг нэг зүг рүү харуулах нь чухал ач холбогдолтой. Учир нь бизнес эрхлэгчид ялангуяа үйлдвэрлэгчдийн дийлэнх нь тогтвортой үйлдвэрлэл бий болгох нь өөрөө том зардал гэж хараад хөнгөлөлттэй зээл авахын тулд нэр зүүх төдий богино хугацааны ажлуудыг хийх хандлагатай байдаг учир ажил олгогч, ажилтан нарын ойлголтыг нэгтгэж мөн чанарыг нь ойлгуулах сургалт зайлшгүй ордог” гэж “Sustainable Business Consulting” зөвлөх үйлчилгээний старт-ап  компанийн үүсгэн байгуулагч  Б.Сэлэнгэ ярилцлагын эхэнд сануулав. Үнэхээр л чөлөөт зах зээлд шилжээд удаагүй байгаа бидний хувьд бизнес эрхлэхийн хажуугаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ хор хөнөөл бага учруулахаар одоогийн үйл ажиллагаагаа бодож төлөвлөнө гэдэг амаргүй сорилтуудын нэг ажээ.

Тогтвортой байдлын тайлан, БОНЗ, нийгмийн хариуцлагын тайлангууд гээд маш олон төрлийн тайланг компаниуд гаргаад, яг аль нь манай байгууллагад тохирох вэ гэдгээ ч сайн ялгаж салгаж ойлгохгүйгээр цаг хугацаа, төсөв мөнгөө зарсан байдаг. Харин “Sustainable Business Consulting” Тогтвортой хөгжлийн 17 зорилгын яг алинд нь тухайн компани хувь нэмрээ оруулж чадах, түүнийг хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж цаашлаад байгууллагын тайландаа хэрхэн хэмжиж оруулахыг тодорхойлон дүн шинжилгээ хийж хамгийн тохиромжит ТХЗ-уудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь тусалдаг.

Шийдвэр гаргагчид тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудыг ойлгон, хамтарч ажиллах нь бидний амьдралд тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдэхэд түлхэц болж чадах юм гэдгийг Б.Сэлэнгэ онцлов. Учир нь түүний сүүлд ажилласан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, НҮБ-тай хамтарсан төсөлд гэр хорооллын 30-50 өрхүүдийг хамруулан нарны эрчим хүчээр тог цахилгаан, дулааныг шийдэж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах байжээ.  Төсөлд нарны эрчим хүч рүү шилжих төслийг санаачилсан компаниас эхлэн олон нийтийн сайн дурын байгууллага, гэр хорооллын өрхүүд маань уг эрчим хүчний шилжилтэд өөрсдийгөө бэлдэн хамтдаа суралцаж, утааг бууруулахад хувь нэмэр оруулж чадсан байна. Энэ төсөл нь амжилттай хэрэгжиж бусад дүүргүүд ч мөн туршилтаар хэрэгжүүлж үзэж байгаа гэнэ. Төслөөс харахад төрийн байгууллагууд байгальд ээлтэй бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж, тулгамдаж байгаа асуудлуудын шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь илүү үр дүнтэй байсан ажээ. Төрийн байгууллагынхан ТХЗ-уудын талаар илүү сайн ойлголттой болж, тогтвортой хөгжлийн чиглэлийн бизнесүүдэд хамтран ажиллах боломжийг олгоход түлхүү анхаарахаа илэрхийлж байсан нь энэ талын мэдлэг бүх шатанд хэрэгтэй байгаа нь харагджээ. Ганцхан мэдлэг дээшлүүлэхээс илүүтэйгээр жишээлбэл Их Британид дүүрэг, иргэдийн төлөөлөгчид нь иргэдээ хамруулсан (Community Engagement) тогтвортой хөгжлийн ойлголтыг таниулж, байгаль ээлтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгч, хувь хүмүүсээ дэмжсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Үүн шиг манайд ч ялгаагүй дүүрэг хороодод  тогтвортой хөгжил хариуцсан үйл ажиллагааны мэргэжилтэнгүүдийг бий болгож, өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа энэ чиглэлийн компаниудаа сурталчлан таниулах, оршин суугчдадаа мэдлэг олгох, байгальд ээлтэй зуршил бий болгох үйл ажиллагаанууд зохион байгуулахад олон бодит үр дүн гарч болох юм.

Бизнесийн байгууллагуудын хувьд Алсын хараа болон бодит хийгдэж буй үйл ажиллагаа зөрөх асуудал нь зөвлөгөө өгөх явцад тулгамддаг асуудлуудын нэг байдаг. Томоохон компанийн CEO нар ТХЗ-уудыг алс хэтдээ хэрэгтэй гэдгийг ойлгоод компанидаа эртнээс хэрэгжүүлэхийг хүсдэг. Харин дунд шатны удирдлагууд болон ажилтнууд нь энэ алсын харааг нь ойлгохгүй нэмэлт ажил өгөх гээд байна гэж харах тохиолдол гардаг. Эсрэгээрээ дунд шатны удирдлагууд нь хэрэгтэйг нь ойлгоод захиралдаа танилцуулахад өөрсдөө онлайнаар уншиж судлаад хийчих гэж өнгөцхөн харах асуудал ч мөн гардаг гэнэ. Ер нь л ТХ-ийн зөвлөх үйлчилгээ амжилттай хэрэгжих үндэс нь талууд ойлголцож нэг хуудаснаас эхлэх гэдэг нь Сэлэнгийн ярилцлагаас ойлгогдож байлаа.

Хэлбэр биш агуулгад төвлөрөх нь чухал.

ТХЗ-ууд, БОНЗ гээд ярихаар их хол хүлээж авдаг. Цоо шинэ зүйлийг л авчраад суулгах гээд байгаа юм шиг. Сургалтаа ороод, ажлын процессыг нь яриулахаар бидний өдөр тутамдаа хийдэг зүйлсийн зарим нь тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдэд тооцогдож болох юм байна гээд тоо баримтаа цуглуулах дээрээ анхаараад явах жишээтэй байдаг гэж Сэлэнгэ ярив. Иймд ямар ч хамаагүй тайлан гаргахын тулд биш, мөн чанар агуулга дээр нь төвлөрвөл  ажилтнуудад байгууллага дотор бүх гарц гаргалгаа нь байдаг. Тогтвортой хөгжил, тогтвортой байдал гэдэг нь алс холын бидэнд огт хамааралгүй ойлголт биш, бидний хэрхэн амьдрах, ажиллаж хөдөлмөрлөхтэй холбоотой маш  энгийн ойлголтууд байдаг талаар мөн дурдав.

Тэгвэл оюуны бизнес тэр дундаа старт-ап ажиллуулахын том сорилт нь манай улсын хувьд хууль эрх зүйн орчин байдаг юм байна. Б.Сэлэнгийн зөвлөх компанийн үзүүлдэг зарим үйл ажиллагаатай холбоотойгоор МУ-д тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болдог гэнэ. Гэтэл шалгуур нь дор хаяж 3-5 аудитор бүтэн цагаар нийгмийн даатгал төлж ажиллуулсан байх гэх мэт яг аудитын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай адил шаардлага тавигддаг нь өрөөсгөл байдаг. Энэ мэт уялдаагүй зүйл заалтуудаа эргэн харж, зохицуулалт хийхэд л “Sustainable Business Consulting” зөвлөх үйлчилгээний старт-ап шиг олон компаниудыг хөл дээрээ босоход том түлхэц болох ажээ.  Байгальд ээлтэй бизнесүүдээ дэмжиж, мэргэжлийн боловсон хүчнээ томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллуулах боломжийг бүрдүүлж чадсанаар бид агаарын бохирдол, түгжрэл, хог хаягдал гэх мэт олон асуудлуудад хамтдаа шийдэл олж чадах юм.

Сэлэнгэ нь University of St Andrews -д Тогтвортой хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. БОНЗ-н зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 

Дараах хуудаснаас түүний бизнестэй холбогдож болно: https://www.facebook.com/sustainablebusiness 

Дараах хуудаснаас түүний оролцсон подкастыг сонсох боломжтой: https://youtu.be/m3gjznJkL90?si=mfSCR6zk2O7PtYcm 

Comments

Popular posts from this blog

Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

2022/23 Чэвнэр Б.Бат-Оргил, Подкаст №2-н блог: Төрийн бодлого, үнэ цэнэ, инноваци

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)